KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Дугду арал

Дугду арал

 Дугду арлын эргэн тойронд нь маш жижигхэн 89 жижиг арал байдаг бөгөөд энэхүү арал нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна олон амьтан ургамалтай учир шувууд ихээр ирж нүүдэллэдэг байна. Солонгосын хойгоос Японы эзлэн түрэмгийлэлд өртсөн хамгийн анхны нутаг гэгддэг. Дугду арлын тухай үнэн түүхийг өгүүлэхэд эрт дээр үеэс Дугду арал нь олон янзаар нэрлэгдэж ирсэн байдаг ч хамгийн ихээр танигдсан нь Ү Сан Ду юм. Энэ нэрээрээ хамгийн удаан нэрлэгдэж байсан гэдэг. Харин Дугду хэмээн нэрийдсэнээс хойш өдгөө зуун жилийн нүүр үзэж байгаа бөгөөд чулуу ихтэй учир Дугду буюу Чулуун арал гэж нэрлэсэн юм байна.  Дугду арлаас Үллөнду арал хүртэл 87,4 км-ийн зайтай. Тийм ч хол биш учир тэнгэр цэлмэг байх үед Үллөнду арлаас Дугду арал харагддаг байна. 1904 онд Япон, Орос хоёр улсын хооронд дайн эхэлсэн бөгөөд Орос улс нь Солонгосын хойд зүгт, Япон нь урд талд нь байдаг учраас газар нутгийн хувьд Солонгос улс чухал байсан гэдэг. Энэ дайны үед Япончууд дайнд бэлтгэх цэргийн баазаа байрлуулах тохиромжтой газраар нэгэн арлыг сонгосон нь Дугду арал юм. 1905 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Оросын усан цэргийн флотыг хянах зорилгоор тус арлыг “Эзэнгүй арал” хэмээн нэрийдэж, хууль бусаар өөрийн газарт нэгтгэн авчээ. Гэвч үнэндээ Дугду нь “Эзэнгүй арал” байгаагүй. Учир нь, 1900 оны аравдугаар сарын 27-нд гаргасан Солонгосын эзэн хааны 41 дүгээр зарлигт Солонгосын газар нутаг бол зүүн тал руугаа Үллөнду болон Дугду арлыг багтаасан Үллөн гэдэг сумыг байгуулж, энэхүү газар нутгийг хариуцна гэж зааж өгсөн байдаг байна. Сонирхолтой нь япончууд энэхүү арлыг Такешима гэж нэрлээд байрлах болсон үйлдлээ төв Засгийн газар нь ч биш орон нутгийн удирдлагаас олон нийтэд мэдэгдсэн төдийхнөөр нууцаар хийжээ. Энэ үйлдлийг нь Солонгосын ард түмэн 1906 онд мэдсэн ч тухайн үед япончуудтай сөргөлдөх хүч байгаагүй аж. Ямартай ч дөрвөн жилийн дараа буюу 1910 онд Япон, Солонгосын эв найрамдлын гэрээ гэгчийг байгуулсан байна. Түүнчлэн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дуусч, дайны дараах хэлэлцээр хийх явцад Потсдам болон Каирын тунхагаар ялагдагч улс Япон нь хүчээр түрэмгийлэн эзэлсэн бүх газар нутгаасаа хөөгдөн гарах үед Дугду арал Солонгосын мэдэлд эргэн ирсэн байна. 1946 оны Холбоотны цэргийн дээд командлагчийн 677 дугаар нот бичигт Дугду арал нь Солонгосын засаг захиргааны бүс нутаг болохыг тунхагласан аж. Тиймээс энэхүү арал нь БНСУ-ын тусгаар тогтнолоо эргүүлэн олсны их бэлгэ тэмдэг.  1953 онд арлаа хамгаалахын тулд жирийн иргэд нь Дугдуд ирж амьдарч эхэлсэн байна. Хүн амьдрахад тийм таатай газар биш ч арлаа хамгаалж, Солонгосын нутаг юм шүү гэдгийг харуулахын тулд хамгийн анх Чүэ Жун Дог гэдэг хүн оршин суужээ. Одоог хүртэл энэ нутагт анх хамгаалахаар очиж байсан хүмүүс нь амьдардаг бөгөөд гадны жуулчдаас гадна Солонгосчуудын зорьж очдог газар байсан хэвээр байна