МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЖИШИГ СУРГАЛТ 11 сарын 11-ээс 22-ны хооронд үргэлжилнэ.

    БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци КТО болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хамтран “ODA” төслийн хүрээнд 2019-2020 онуудад "Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх" мастер төлөвлөгөө боловсруулах, тус мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршилтын сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

     Энэхүү төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын ажиллах хүчнийг (зочид буудлын ажилтан, хөтөч-тайлбарлагч болон бусад) бэлтгэх, мэргэжлийн боловсрол олгох олон улсын чанарын стандартад нийцсэн, шат дараалалтай систем бий болох юм. Улмаар Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдад чанартай үйлчилгээг үзүүлж, жуулчдыг сэтгэл ханамжтай буцаахад нэг шат ахих юм. 

     Мөн 2020 оноос "Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх" сургалтын төвийн барилгын ажил эхлэх бөгөөд уг сургалтын төв байгуулагдсанаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

2019-11-13