Сөүл хот (Seoul) улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Инчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна. Хотын төвдөө олон зуун жилийн өмнө баригдсан таван хааны ордонтой. Мөн шөнийн цагаар ч гэсэн өдөр шиг л дэлгүүр хэсч олон төрлийн амтат хоол идэнгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх газрууд байдаг. К-поп болон олон ангит киногоороо дэлхийг байлдан дагуулж буй 10 сая хүн амтай, сэтгэл булаам, гайхалтай хот юм. Сөүл нь Жусоны хаант улсын үе (1392-1910 он)-ийн Ханян хотоос өнөөг хүрсэн 600 гаруй жилийн түүхтэй. Цаг хором тутамд хөгжин өөрчлөгдөж байгаа ч өнгөрсөн түүх соёлоо орчин үеийн өнгө төрхтэй хослуулж гайхалтай хадгалж ирсэн хот юм.