KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Хойд Кёнсан муж

Үзвэр

"Бүлгүгса" хийд

Шиллагийн буддын шашны соёлын гол өв болох "Бүлгүгса" хийд нь 2009 онд №502 улсын түүхэн дурсгалт газар болсон ба 1995 онд Соккүрам агуйн хамтаар Юнэскогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн ажээ.

Бунгнэ Хүрхрээ

Сон-Инь оргилд өгсөх нарийн жимээр явахад 30м орчмын өндөртэй 3 салаа Бунгнэ хүрхрээ байдаг. Хүрхрээний ус нь "Нари" сав газарт хуримтлагдсан хурын ус газрын гүнд шингэн улмаар газрын гадрагаруу шүүрэн гарна. Хүрхрээний ойролцоо зуны аагим халуун улиралд сэрүүцэж болохуйц хадыг нүхлэн гаргасан "Пүнхёл" агуй, өтгөн ой, дэрсэн сууц зэрэг байдаг.

Бүюундэ

Хойд Гёнсан аймгийн Андун-д байрлах Бүюундэ нь Хахуэ тосгоныг бүхэлд нь харж болох 64м өндөр хадан хавцал юм. Уг хавцлын оройруу өгсөхөд ойролцоогоор 10 минут зарцуулна. Хадан хавцал дээрээс Нагдун мөрний урсгал цагираг үүсгэн том чулууг тойрон урсах үзэсгэлэнт төрхийг харж болно.

Гүрьюнпо орчин үеийн соёл түүхийн гудамж

Японы эзлэн түрэмгийллийн үед япончуудын амьдардаг байсан гудамж, барилгуудыг дахин сэргээн засварлажээ. Энэхүү газар нь Солонгосчуудын хувьд тэдний гунигт түүхийг санагдуулдаг аж. Эрт цагт хоолны газар байсан япон байшин тэр үеийн төрхөөрөө одоог хүртэл хадгалагдан байдаг бөгөөд энэхүү барилгад одоо үндэсний цайны газар ажиллаж байна.

Гүэшири үндэсний тосгон

Энэхүү үндэсний тосгон нь Ёнг Ян-ы Нам овогтнуудын суурьшдаг байсан тосгон бөгөөд одоо тосгонд үлдсэн сууцуудын ихэнх нь 200 орчим жилийн өмнө баригдсан Жусоны хэв шинжийг агуулсан язгууртны сууц юм. Энд одоогоор нийт 30 орчим сууц байгаа ба тэдгээр дундаас 14 нь улсын болон аймгийн соёлын өвд бүртгэгдсэн.    

Дунгүн ордон болон Волжи (Анабжи цөөрөм)

Гёнжү хотын Инванг хороололд байрлах Дунгүн ордон болон Волжи(эртний тамгын газар) нь улсын тусгай хамгаалалт бүхий түүхийн дурсгалт газар(№18) болох Шиллагийн хааны ордон болон хатны өргөө юм. Өөр бусад барилгын хамтаар хаан ордноо болгон ашиглаж, улсын баярт үйл явдал болох, хүндтэй зочин хүрэлцэн ирэхэд энэ газар угтан авах, наргин цэнгэдэг байсан гэдэг.

"Дусан" номын хүрээлэн

"Дусан" номын хүрээлэн нь күнзийн сургаалийг эмхэтгэсэн эрдэмтэн Туэгэ Ихуан-ы ардыг гэгээрүүлэх күнзийн сургууль болгон байгуулсан номын хүрээлэн юм.

Дэрынвон

Энэ газарт эртний Шилла улсын үеийн хаад, хатад мөн хааны үр удам зэрэг дээд язгууртны 23 орчим булш байдаг. Эдгээр булш дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татдаг нь дотор тал нь ил харагдах булш болон Дэрынвон-ы гол хаалганаас хамгийн ойр байрлах Мичү хааны бунхан, түүнчлэн Гёнжү-ийн эртний булш дундаас хамгийн том Хуангнам булш зэрэг юм.

Ёндог blue road

Ёндог Blue Road нь явган аялал хийхэд зориулан баригдсан 64.6 km-ын урт далайн эргийн явган зам юм. Уг замын B чиглэлийн зам нь "Том хөх хавчны зам" хэмээн нэрлэгддэг ба, Хэмажи цэцэрлэгт хүрээлэн, Дэтан боомт, Согни тосгон, Дэгэ Вонжү тосгон, Blue Road гүүр, Жүгду уул, Чүгсан боомт, Нам овогтны өлгий нутаг хүртэл нийт 15.5 км, ойролцоогоор 5 цаг орчим алхах хэмжээний урт юм.

Ён-илдэ далайн эргийн наран шарлагын газар

Ён-илдэ далайн эргийн наран шарлагын газар нь зүүн тэнгисийн эргийн хамгийн том талбайг хамардаг Пуханы төлөөлөл болсон наран шарлагын газар юм. Уг газарт өндөрт оргилдог усан оргилуур байх бөгөөд Солонгосын хамгийн анхны далай дээрх усан оргилуур юм. Энэхүү оргилуур нь 120м хүртэл өндөрт оргилдог. Үдэш болоход олон янзын өнгө хэлбэртэй LED гэрэл усан оргилуурыг чимэн гэрэлтэнэ.

Кангү боомт

Кангү боомт нь Ёндог сумын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй боомт юм. Зүүн тэнгисийн эргийн голлох загас агнуурын боомтуудын нэг бөгөөд энэ газар далайн хүйтэн болон дулаан урсгал огтлолцсоноор хавч, наймаалж зэрэг далайн амьтад ихээр баригддаг.

"Соккүрам" чулуун агуй

Соккүрам нь Солонгосын төлөөлөл болсон чулуун агуйн хийд юм. Боржин чулууг ашиглан хийсэн хиймэл агуй бөгөөд, Шиллагийн буддын шашны урлагийн эд хөгжлийн үед баригдсан бүтээл аж. Соккүрам нь бодит илэрхийлэл, төгс уран чадварын гайхамшигийг илтгэдэг. Агуйн чулуу нь барилга, засал чимэглэл, геометр, шашин, урлаг зэргийг цогцоор нь нэгтгэн бүтээсэн урлагийн биет бүтээл гэж хэлж болно.

Сон-Инь оргил

Уулын хэлбэр хутагт хүмүүний хэлбэртэй, гэгээнтнүүд ирдэг байсан газар байж болох юм хэмээн Хутагтын Оргил буюу Сон-Инь оргил хэмээн нэрлэжээ. Энэ нь 984м Үллундо арлын хамгийн өндөр оргил аж. Сон-Инь оргилын баруун хойд хэсэгт Албун оргил байх бөгөөд энэ газар нэн ховор мод ургамал ургадаг. Уулын оргилд байх хэний ч гар үл хүрсэн онгон ой нь нэн ховор ан амьтан, ургамлын улаан номонд бүртгэгдсэн байна.

Хахуэ тосгон

Андун-ы Хахуэ тосгон нь Солонгосын төлөөлөл болсон үндэсний тосгон юм. 1984 онд тосгоныг тэр чигт нь №122 угсаатны чухал баримт/хэрэглэгдэхүүн/болгон бүртгэсэн ба 2010 онд Юнэскогийн дэлхийн соёлын өвд албан ёсоор багтжээ. Нагдун мөрний усаар тойрон хүрээлэгдсэн уг тосгоны төвд том вааран дээвэртэй том байшингууд, түүний эргэн тойронд нь сүрлэн дээвэртэй уламжлалт сууцууд байрлана. Тосгоны өмнөд хэсэгт Нагдун мөрөн, Бүюундэ хавцал, өтгөн ой гайхалтай хослоно.

Хумигуд

Хумигуд' нь барын хэлбэртэй Солонгосын хойгт барын сүүлтэй холбогдуулан өгсөн нэр юм. Уг газраас үзэсгэлэнт зүүн тэнгис харагдах бөгөөд Солонгосын хойгт нар мандахыг хамгийн түрүүнд харж болох газар юм. Шинэ жилийн анхны нарыг харахаар олон хүн цуглардаг Пухан хотын төлөөлөл болсон аялал жуулчлалын бүс болон хөгжсөөр байна.

Чодун боомт

Чодун боомт нь "Үллундо" арал дахь усан онгоцны 90% орчим хэрэглэдэг "Үллундо"-ын хамгийн том боомт юм. Далайн давлгаанаас хамгаалсан далангийн дэргэд "лааны суурь" хад байх бөгөөд энэхүү хад нь аавтайгаа хамт амьдардаг байсан охин далайд гараад эргэж ирээгүй аавыгаа хүлээсээр хад болсон тухай гунигт домгийн хад юм. Чодун боомтын ойролцоо "Нэсүнжон" наран мандахыг харах цамхаг, Гуанхэ асар, Бунгнэ хүрхрээ зэрэг байдаг.

Хуудас: 1 - 16