KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Нүүр Солонгосын тухай Нисэх ирж, очих

Нисэх ирж, очих

     Инчоны ОУ-ын нисэх онгоцны буудлаас Сөүл хотын төв хүрэх хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээрээс хүмүүсийн хамгийн их үйлчлүүдэг тээврийн хэрэгсэл нь Нисэх чиглэлийн галт тэрэг (AREX), Сөүлийн метро, лимузин автобус, такси зэргийг нэрлэж болно. Тэр дундаа Нисэх чиглэлийн галт тэргээр үйлчлүүлэх нь замын түгжрэлээс хамаарахгүйгээр жуулчид, иргэдийн хөдөлгөөн ихтэй үед ч зорьсон газраа саадгүй хүрэх давуу талтай. Тус галт тэрэг нь Инчон ОУ-ын нисэх буудлын 1 болон 2-р терминалаас Сөүл буудал хүртэл дундаа зогсохгүйгээр шууд явдаг. Үүнээс гадна нисэх чиглэлийн автобусны хувьд Сөүл хотод байх аялал жуулчлалын газрууд болон зочид буудлуудад хялбархан хүрэх боломжийг олгодог. Хэрэв та галт тэрэг болон автобусаар үйлчлүүлэх боломжгүй байгаа бол арай илүү төлбөр төлөн нисэхээс зорьсон газартаа таксигаар шууд хүргүүлэх боломжтой.

     Нисэх чиглэлийн галт тэрэг (AREX)

     Нисэх чиглэлийн галт тэрэг (AREX) нь Инчон ОУ-ын нисэх буудлын 1 болон 2-р терминалаас Сөүл буудал хүртэл дундаа зогсолгүй шууд явдаг хурдны галт тэрэг юм. Мөн тус нисэх буудлын 2-р теримналаас Сөүл буудал хүртэл замын дундах 13 галт тэрэгний буудлаас энгийн галт тэрэг явах зэрэг 2 төрлийн галт тэрэг үйлчилж байна. 

     Ажиллах цаг / Цагийн хуваарь
     - Хурдны галт тэрэг
· Инчоны ОУ-ын нисэх буудлын 1-р терминал → Сөүл буудал 05:23(эхний галт тэрэг) –
  22:48(сүүлийн галт тэрэг) /   43 минут орчим явдаг.
· Инчоны ОУ-ын нисэх буудлын 2-р терминал → Сөүл буудал 05:15(эхний галт тэрэг) –
  22:40(сүүлийн галт тэрэг) / 51 минут орчим явдаг.

     - Энгийн галт тэрэг
· Инчоны ОУ-ын нисэх буудлын 1-р терминал → Сөүл буудал 05:25(эхний галт тэрэг) –
  23:39(сүүлийн галт тэрэг) /  ойролцоогоор 58 минут орчим явдаг.
· Инчоны ОУ-ын нисэх буудлын 2-р терминал → Сөүл буудал 05:18(эхний галт тэрэг) –
  23:32(сүүлийн галт тэрэг) / 66 минут орчим явдаг.

* Дээрх галт тэрэгний явах цагийн хуваарь нь Сөүл чиглэлийн галт тэрэгний мэдээлэлийг
   харуулсан болно.

  Дижитал цогцолбор руу явах галт тэрэгний хуваарийн хувьд тус галт тэрэгний албан ёсны
  цахим хуудаснаас лавлахыг хүсье.

     Тасалбарын үнэ (Инчоны 1-р теминалын буудал →Сөүл буудал)
     - Хурдны галт тэрэг : Том хүн 9,000 вон / Хүүхэд 7,000 вон
* Инчоны 2-р терминалаас хөдлөх галт тэрэг нь дээрхтэй адил төлбөртэй.
     - Энгийн галт тэрэг : Том хүн 4,150 вон
* Инчоны 2-р терминалаас явах бол тасалбарын үнэ нь : 4750 вон
* Дээрх үнэ нь тээврийн хэрэгслийн 1 хэрэглээний карт(буцааж авах барьцаа 500 вон
   ороогүй) аван үйлчлүүлэх тохиолдолд зарцуулагдах үнэ бөгөөд барьцаа мөнгийг тухайн
   зорьсон буудалдаа хүрснийхээ дараа буцаан авах боломжтой.

 

     Нисэх чиглэлийн автобусны мэдээлэл

     Тус автобус нь Инчон ОУ-ын нисэх онгоцны буудлаас Сөүл хотын олон хэсгүүд рүү явдаг. Тасалбарыг хоёр терминалын 1 давхар дахь ирэх зорчигчдын танхимын гаднах тасалбар түгээгүүрийн газраас авна. Мөн тэндээс автобусны чиглэл болон зогсоолын талаар дэлгэрэнгүй асууж тодруулах боломжтой.

    Нисэх чиглэлийн автобусны төрөл 

     Тус чиглэлийн автобус нь дотроо 2 төрөлтэй. Тусгай автобус нь ихэвчлэн зочид буудал болон эцсийн зогсоол хүртэл шууд явах юмуу илүү богино зайд явдаг. Мөн энэхүү автобус нь нэг автобусанд цөөхөн суудал байрлуулдаг учир илүү сэлүүхэн орчинд ая тухтай зорчиж болох ба энгийн автобуснаас харьцангуй хурдан явдаг. Энгийн автобус нь суудал олонтой хүн ихтэй байдаг. Мөн эдгээр хоёр төрлийн автобусны төлбөр нь чиглэл болон очих газраасаа хамаараад өөр өөр байдаг.

     Нисэх чиглэлийн автобусанд суух арга

1) Гарц 4, 6, 7, 8, 11, 13 аль эсвэл 9C –ын ойролцоох 1-р терминалын ирэх зорчигчдын танхим(1F)-д байх автобусны чиглэлээ лавлах, тасалбар худалдан
     авах

    * 2-р терминалын хувьд автобусны зогсоол дээрх Нийтийн тээврийн төв(B1)-өөс тасалбараа авах боломжтой.

2)  Тасалбар дээрх тухайн автобусанд суух хэсгийн дугаараа шалгана.

3 ) Автобусанд суух хэсэг дээрээ очсоны дараа чиглэл болон хөдлөх цагаа дахин шалгах шаардлагатай.

    * Юуны өмнө автобусандаа суусан  бол өөрийн буух автобусны буудлын нэрийг англи хэлээр зарлахыг сайтар сонсох хэрэгтэй болохыг анхаарна уу.

 

     Такси

     Таксинд суух арга

     Нисэх буудлын 1 болон 2-р терминал хоёулаа ялгаагүй 1 давхарын ирэх зорчигчдын танхимын гаднах таксины зогсоол дээрээс төвөггүй таксинд суух боломжтой. Хүсвэл энгийн такси, дээд зэрэглэлийн такси, лимузин такси зэргээс сонголт хийж болох ба хэрэв англи, япон, хятад хэлтэй жолоочтой таксигаар үйлчлүүлэхийг хүсвэл 1-р терминалын хувьд ирэх зорчигчдын танхимын 23, 46-р үйлчилгээний хэсэг дээр олон улсын такси дуудах хүсэлтээ өгөх эсвэл урьдчилан онлайнаар захиалах боломжтой. 2-р терминал дээр олон улсын такси захиалахыг хүсвэл онлайнаар эсвэл утсаар заавал урьдчилан захиалгаа өгөх шааардлагатай.

     Таксины төрөл болон төлбөр

Энгийн, дээд зэрэглэлийн, лимузин, олон улсын гэсэн ангилалуудтай ба төлбөр нь дараах байдалтай болно.

- Энгийн такси

Суурь хураамж нь 3000 вон(Сөүлд үйлчлэх үнэ)-оос эхлэх ба шөнө (24:00-04:00) суурь хураамж нь 20%-иар нэмэгдэж тооцогддог.

- Жишиг болон Лимузин такси

 Жишиг болон Лимузин таксины суурь хураамж нь 5000 воноос эхлэх ба шөнө суурь хураамжийн нэмэгдэл авдаггүй.

- Олон улсын такси * ОУ-ын таксины хураамж нь тухайн орон нутгаасаа хамаараад өөр өөр байх магадлалтай.

 

Дуудах арга :+82-2-1644-2255 / www.intltaxi.co.kr (солонгос, англи, япон, хятад хэл дээр үйлчилгээ үзүүлдэг)

 * Онлайнаар захиалга өгөхийн тулд Солонгос үүрэн телефоны дугаартай байх шаардлагатай.

Олон улсын такси 55,000 ~ 75,000 вон

-Deluxe/Jumbo ОУ-ын такси : 80,000~110,000 вон

 

     Нэмэлт мэдээлэл

     Хэрэв жолоочийн зүгээс илүү төлбөр шаардан зүй зохисгүй үйлдэл гаргавал англи, япон, хятад, орос, монгол, вьетнам хэл дээр үйлчилгээ үзүүлдэг Сөүл глобал төв (+82-2-2075-4180)-ийн утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой.

     Мөн англи, япон, хятад, вьетнам, монгол хэл дээр үйлчилгээтэй Дасаны мэдээллийн төв (+82-2-120) рүү холбогдож гомдол, саналаа гаргаж болно.